Дуу хоолой

Sunday, August 8, 2010

Эрүүл мэндийн толь- НОЙР


Энэхүү зөвлөгөө нь зөвхөн түр зуурын, эрүүл мэндэд хохтой нойргүйдлыг эмчлэх эмэн эмчилгээний талаар бус яагаад нойр хүрдэггүй, хэрхэн энгийн аргаар эмчилж болох талаар өгүүлнэ.

Нойргүйдлын хам шинж:

Таны бие тань сулраад, нүд тань гархилсан, хоол идмээргүй санагдаад, шөнө орондоо хөрвөөгөөд, хүмүүс зан ааш чинь муудаад байна гээд л байна уу? Та тэгвэл “орчин үеийн хүмүүс”-ийн нийтлэг нэг асуудал болоод байгаа нойргүйдэлд өртжээ. Гэхдээ нойргүйдлыг дотор нь ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Хааяа нойр хулждаг бол өдөр болгон нойх хулжихаас хамаагүй “зовлон багатай”. Мөн шөнө эхний 2, 3 цагт гүн нойрсоод тэгээд дахин сэрж нойр хулжих гэж байна. Энэ үед ямар нэг хэрэгтэй хэрэггүй зүйл бодох, ялигүй чимээнд сэрэх, мэдрэг байх нь элбэг.

Нойргүйдлийн шалтгаан тэгвэл юу юм бэ?

Тэгвэл энэ бүхэнд хүргээд байгаа цаад гол шалтгаан нь ажил амралтаа зохицуулахгүй байх, хэт их ядрах (ялангуяа оюуны), тархи, зүрхний үйл ажиллагаа амрахгүй идэвхитэй байгаатай холбоотой. Хамгийн гол шалтгаан нь стресс. Энэ нь ихэвчлэн өөртөө зарцуулдаг хэдхэн цагийн нойроо өөр зүйлд ашиглахын тулд хөсөр хаясантай холбоотой байдаг.

Ялангуяа оюутнууд бол маргаашийн шалгалтандаа бэлдэн орой болчлоо, миний амрах цаг болчлоо гээд байгаагаа мэдэгдээд байгаа (эвшээх) тархи руугаа хүчээр нүдээ тас аниж байгаад цээжилж байна гээд бөмбөгдөж өгдөг. Ингэж унших нь ямагт үр дүнгүй байдаг. Ингээд л стрессдэж эхэлдэг ба энэ нь удаан үргэлжилбэл яваандаа бүрмөсөн амарч чадахаа больдог.

Өөр нэг шалтгаан бол таны унтахад эргэн тойрон, орчин тань ямар байна вэ гэдэг хамаатай. Таны амарч байгаа өрөө хэрвээ хөдөлгөөн ихтэй замын хажууд бол дуу чимээ ихтэй л байгаа. Эсвэл хүн ямар нэг дуу чимээнд сэрчээд, тэр дуу чимээгээ юуны чимээ вэ гээд ахиж сонсох гээд хэвтээд байдаг тал бий. Ер нь цонхтой хэт ойрхон унтах дэмий байдаг. Магадгүй сартай өдөр нүүрэн дээр сар тусна, гадаа нохой хуцна, хүмүүс шуугилдана, салхитай өдөр бас хэцүү шүү дээ.

Нойргүйдэл тань бүр архагшаад (нойр хулжих шөнийн тоо тань ихсээд ирвэл) байвал таны нойр зөвхөн дээр дурдсан хэдэн шалтгаанаас болоогүй бололтой. Магадгүй нилээд ноцтой шалтгаан болсон байж болно. Жишээ нь тархины тань химийн бодисуудын баланс алдагдсан эсвэл мэдрэлийн эсийн идэвхижил хэт ихэссэнтэй холбоотой. Энэ нь эпилепси (уналт, таталт) , артрит (үе мөчний өвчин) , астма, зүрхний өвчин, чихрийн шижин, эмэгтэйчүүдэд цэвэршилттэй холбоотойгоор нойргүйдэлд хүрч болно. Хэрэв та эдгээр шалтгаанаас үүдэлтэй гэж сэжиглэвэл эмчид даруй хандвал зохино.

Нойргүйдлыг эмчлэх нь …

Хэрэв таны нойргүйдлын шалтгаан маргааш болох шалгалт, илтгэл тавих, ажлын, визны ярилцлаганд орох, анхны болзоо зэрэгт сэтгэл догдолсноос үүдэлтэй стресс бол ингэх нь ямар ч ач холбогдолгүйг ухаарч өөр ямар нэгэн өөрийнхөө хийх дуртай унтахаасаа 30 минутын өмнө зүйлийг хий. Хамгийн энгийн жишээ бол нэг аяга бүлээн сүү хийж аваад телевизороор өөрийнхөө дуртай хөтөлбөрийг үзэх. Эсвэл салхинд цөөхөн минут ч болов салхил. Харин янз бүрийн дасгал хөдөлгөөн үр дүн багатай. Учир нь дасгал хөдөлгөөн хийснээр таны булчин ажиллаж, бие махбод тань улам сэргэдэг байна. Харин бясалгал хийх бол шилдэг арга юм (бид дараа дараагийн мэдээлэлдээ бясалгалын тухай мэдээлэл өгнө). Бясалгал хийж мэдэхгүй байвал зүгээр л 10-15 удаа гүнзгий амьсгал тайван аваад 2 гараа биеийнхээ хажуугаар тавиад дээшээ хараад хэвт. Тэгээд бас л унтаж өгөхгүй сэтгэл дэнслээд байвал заримдаа нойрны эм уух нь илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ нойр хулжих болгондоо уугаад байвал эмийн дасал болох хюултай. Хэрэв ингэвэл та эмгүйгээр унтаж чадахгүй, бие организм тань улам хүчтэй эмийг шаардсаар байх болно.

Дараа нь мэдээжийн хэрэг таны унтаж амарч буй орчин, өрөөний тань тав тух нөлөөтэй. Дээр дурдсан олон янзын дуу чимээ хамгийн хортой нөлөөтэй. Өрөөний температурыг мартаж болохгүй. Хэрэв та даарч байвал унтана гэсэн ойлголт байхгүй. Хөнжил эсвэл хучих юм нэм, тэгвэл төд удахгүй нам унтах болно. Хөнжил дотроо хөлрөх, хэт зузаан эсвэл материал нь биед тааламжгүй унтлагын хувцас өмсөх (миний хувьд нүцгэн унтах нь хамгийн сайхан амралт болдог), унтах гэж хэт хичээх нь нойр хулжаадаг. Гэрэлтүүлгэ мөн чухал. Өрөө тань хэт гэрэл, гэгээтэй бол бараан хөшигтэй бол. Ор хэт хатуу бус мөн хэт зөөлөн, хонхойсон байх нь тохиромжгүй.

Хэрэв та архаг нойргүйдэлд ороод байгаа бол энэ нь нилээд ярвигтай шалтгаан байж болох талтай. Ихэвчлэн химийн баланс алдагдсантай холбоотой байдаг. Энэ тохиолдолд эм уух нь зарим үед илүү үр дүнтэй байдаг. Учир нойрны эмнүүдэд эдгээр химийн баланс алдагдыг нөхөх, тэнцвэржүүлэх бодис байдаг. Гэхдээ эм уух нь эмийн дасал болох, эд эрхтэнтэй хор нөлөө үзүүлж болох хэд хэдэн сөрөг талтай. Ер нь архаг нойргүйдлын үед эмчид хандах нь илүү үр дүнтэй байдаг. Нойргүйдэл маш олон өвчний шалтгаан болж болдог оношийн ач холбогдолтой.


Saturday, July 10, 2010

Хам хум идэх нь таргалалтын шалтгаан болдог.

Японы судлаачид хүмүүсийн хоол идэх хурд жинд хэрхэн нөлөөлдөг талаар 3000 хүн оролцсон сонирхолтой судалгаа хийжээ. Хам хум хурдан иддэг эрчүүд илүүдэл жинтэй болох эрсдэлээ 84% иар, харин эмэгтэйчүүд 50% иар нэмдэг аж. Хоолоо түргэн иддэг хүмүүс ихэнх тохиолдолд шаардлагатай хэмжээнээс илүү их иддэг, энэ нь ходоод дүүрлээ гэсэн мэдээлэл тархинд хурдан хүрэхэд саадтай байдагтай холбоотой гэнэ. Үүнтэй холбоотой хоолоо яаралгүй сайн зажилж тухтай идэх, ийм хэвшлийг хүүхдүүдэд багаас нь тогтоох нь чухал гэсэн зөвлөмж гарчээ. Намайг бага байхад хоолоо халуун дээр нь хурдан ид гэж шаарддаг байсан, тэр хэрээрээ би бас хоёр хүүхдээ шавдуулах гээд байдаг буруу юм байнаа.

Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс dementia буюу Alzheimer өвчнөөр өвчлөх тохиолдол цөөхөн байдгийг Италид хийсэн судалгаа харуулжээ. Сүүлийн үеийн хэд хэдэн ажил тархиа идэвхтэй байлгах нь эд эсийн үхжилийг удаашруулдаг гэж харуулаад байгаа юм байна лээ. Настай хүмүүс интернэтээр мэдээлэл хайх хамгийн үр ашигтай урдчилан сэргийлэх арга болох тухай дээхнэ уншсан юм байна. Интернэтээр мэдээлэл хайх тархийг зүгээр ном уншихаас илүү идэвхжүүлдэг гэсэн байсан. Шатар тоглох, үгийн сүлжээ бөглөх гээд ой тогтоол, бодлого шаардсан үйлдлүүд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Мэдээллийг British Journal of Medicine, Neurology сэтгүүлүүдээс авав.

Сэтгэцийн археологич Зигмунд Фрейд

Зигмунд Фрейд /Sigmund Freud 1856-1939/

Австрийн нэрт сэтгэл судлаач,сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейд 1856 оны 5-р сарын 6-нд Фрейбург хэмээх Моравийн бяцхан хотод худалдаачны гэр бүлд мэндэлжээ.

Нэрт эрдэмтэн маань тийм ч сайхан амьдралтай байсангүй. Түүнийг 4 настай байхад нь 1860 онд тэдний гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч Венад нүүн иржээ.Тэрээр Венад 1938 он хүртэл амьдарч байгаад Англируу цагаачилсан юм.

Хэдийгээр Фрейд 8 ам бүлтэй,ядуухан айлын хүүхэд байсан боловч багаасаа сурлага сайтай хүүхэд байлаа.Гимназид ороод ч тэрээр маш сайн сурч байсан ажээ.Тэрээр "Би 7 жилийн турш ангидаа тэргүүний сурагч байсан бөгөөд ямар ч шалгалтгүйгээр ангиас анги дэвшиж байсан юм." хэмээн бичиж байв.

З.Фрейд еврей байсан учраас тэр үеийн бичигдээгүй хуулиар анагаах ухаан болон хууль эрхээс бусад бүх мэргэжил түүнд хориотой байсан аж. Ингээд Ч.Дарвин,В.Гетё нарын нөлөөгөөр тэр 1873 онд Венийн их сургуулийн анагаах ухааны факультетад орж суралцсан.
Венийн их сургуульд тэр бусад оюутнуудаас илүү 3 жил буюу 8 жил суралцсан бөгөөд еврей гаралтай хэмээн гадуурхагдаж,доод зиндаанд түүнтэй харилцаж байсан нь зорьсондоо хүрэх бэрхшээлийг даван туулах чадварыг түүнд улам нэмж байлаа.Тэр суралцахын зэрэгцээ Эрнст Брюкегийн физиологийн институтэд ажиллаж байжээ.Фрейд Гистологийн чиглэлээр бие даасан судалгаанууд хийж анатоми, неврологийн салбарт олон тооны өгүүлүүдийг нийтлүүлж байв.

26 насандаа Венийн их сургуульд анагаах ухаанаар эрдмийн зэрэг хамгаалж, Брюкегийн институтэд үргэлжлүүлэн ажиллаж, тэндээ орон тоо гарахыг хүлээж байсан хэдий ч Фрейдээс өмнө 2 эмч ажиллаж байсан учраас боломж олдсонгүй. Энэ үедээ Фрейд анхны дурлалтай учирч, хэрэв гэрлэхэд хүрвэл гэр бүлээ тэжээж хангалттай цалинтай байх ёстойг сайтар ухааран, дургүй байсан ч хувиараа практик ажил хийж эхэлсэн бөгөөд түүнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь маш их сонирхолтой хэвээр байв.

Эхлээд тэр мэс заслын эмч, дараа нь сэтгэл засалч, бүр дараа нь Венийн нэгдсэн эмнэлэгт "гэрийн эмч"-ээр ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр психиатрийн курс дүүргэж түүний сонирхол нь сэтгэцийн эмгэг болон бие махбодийн өвчний хоорондын асуудал руу татагдаж эхэлсэн ажээ.

Ингээд 1885 онд түүнд аз тохиож тэрээр Венийн их сургуульдаа багшаар ажилд орсон юм.
1884-1887 онд Фрейд кокайнтай холбоотой хэд хэдэн судалгаануудыг хийснээр кокайны сэргээх шинж чанар нь түүнийг гайхашралд хүргэж байв. Тэрээр кокаиныг биеийн болон оюун санааны туйлдсан үед хэрэглэж болох талаар бичиж байсан боловч түүнээс гарах хор уршгийн талаар бусад судлаачдын саналтай нэгдэж, удалгүй энэ судалгаагаа орхисон юм.

Брюкегийн тусламжтайгаар Фрейд Парижд Шаркогийн удирдлага дор ажиллаж байхдаа истери өвчнөөр өвчилсөн өвчтөнүүд нь сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байдаг бөгөөд, энэ өвчний гарал үүслийг зөвхөн сэтгэл зүйн үүднээс тайлбарлаж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Фрейд ахмад үеийнхнээс нилээд нэрд гарсан сэтгэл мэдрэлийн эмч Брейртай хамтран 1895 оноос хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийг ховсдон унтуулж, өвчнийг үүсгэсэн үйл явдал,тохиолдлуудын талаар яриулдаг байв.Зарим тохиолдолд өвчтөнүүд уйлж,сэтгэл санаа нь ихэд догдолж байсан нь тэдний эдгэх нэгэн нөхцөл болж байжээ. Брейр энэ аргаа катарсис /цэвэрших гэсэн утгатай латин үг/ гэж нэрлэж байв. Энэ арга нь Фрейдийн сонирхлыг ихэд татаж,тэрээр энэ ондоо "Хийрхэх өвчин судлал" хэмээх ном туурвижээ.


Фрейд уг хамтарсан ажлаа дүгнэн хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийн өвчний шинж тэмдэг,сиптомууд нь амьдралын үйл явдлын үр дагавар юм./Үүнийг травма хэмээн нэрлэсэн/ Ингэхлээр анагаах арга нь сэргээн сануулахад оршино гэж бичиж байв.

Гэвч удалгүй Фрейд ховс унтуулга буюу гипноз нь тийм ч сайн арга биш гэдгийг ойлгон, өвчин хүндэрсэн тохиолдолд ховс унтуулга нь өвчтөний зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг явдал нь шинэ арга замыг хайхад хүргэжээ.Ингээд Фрейд үүнийг чөлөөтэйгээр бий болох ассоциаци /холбож бодох,нийлэмж/ зүйд, санамсаргүйгээр хэлж орхисон өгүүлбэрүүдийг тайлбарлах аргаар шийдсэн юм.1896 онд Фрейд анх удаа "Психоанализ" хэмээх нэр томъёог сэтгэцийн процесс,үйл хөдлөлүүдийг
тайлбарлах замаар сэтгэл санааны хямралтай өвчтөнүүдийг эмчлэх аргадаа хэрэглэсэн байна. Тэрээр өөрийн анализаа 1897 оноос хийж эхэлсэн юм. 1900 онд Фрейдийн шилдэг гэгдэх "Зүүд нойрыг тайлбарлахуй" зохиол нь хэвлэгдэн гарчээ.Хожим нь 1931 онд зохиолч уг номынхоо талаар дурдахдаа "Миний бодож байгаагаар энэ ном нь миний нээх завшаан олдсон нээлтүүдийг агуулж чадсан юм." хэмээн бичсэн байдаг.1901 онд "Ердийн амьдралын психопатологи" 1905 онд "Сексийн шинж чанарын тухай онол" "Нэгэн хийрхлийн түүхээс" зэрэг Фрейдийн бүтээлүүд гарч байв.
Фрейд энэ байшинд төрсөн
Ингээд Фрейдийн психоанализ нь улам алдартай болж,тэрээр өөрийн нэрийн дор өөрийн үзэл баримтлалыг сонирхогч олон эрдэмтдийг тухайлбал, А.Адлер, Ш.Ференчи, К.Юнг, О.Ранк, К.Абрахам, Э,Жоунс , К.Хорни нарыг нэгтгэсэн байна.1910 онд АНУ-ын Кларзын их сургуульд урилгаар лекц уншин түүний зохиол бүтээлүүд нь англи хэлээр хэвлэгдэн гарч байв.З.Фрейдийн онол,үзэл баримтлалыг сонирхогчдын тоо улам ихээр олширч байлаа.

1910 онд "Леонардо Да Винчи", 1913 онд "Шүтээн ба хориг" зохиолууд нь хэвлэгджээ.
Фрейдийн неврозыг эмчлэх арга нь бие хүн ба түүний хөгжлийн тухай сонгодог сургааль болон хувирчээ.Фрейд бүхий л амьдралынхаа туршид өөрийн психоанализаа улам бүр боловсронгуй болгож байлаа.

1908 онд Зальцбург хотноо психоаналитикчдийн анхдугаар их хурал хуралдаж 1909 онд психоанализийн олон улсын сэтгүүл гарч эхэлсэн байна.1920 онд Берлинд психоаналитикийн анхны дээд сургууль нээгдэн дараа нь Вена,Лондон,Будапешт,Нью-Йорк,Чикаго зэрэг олон хотуудад мөн ижил сургуулиуд байгуулагджээ.1923 онд Фрейд нүүрний арьсны хавдраар өвчилж нийт 33 удаа хагалгаанд орсон боловч өвчин цаашид хүндрэхээс сэргийлж чадсангүй.Үүний зэрэгцээ Фрейд өвчнөө үл тоон маш их ажиллаж байсан ба түүний түүвэр зохиол нь бүгд 24 боть болдог.Фрейдийн нэр,зохиолууд нь алдартай болох тусам түүнийг шүүмжлэгчид ихэсч байлаа.Учир нь Фрейд хүний төрх байдлын далд шалтгаан бүхнийг бүхэл бүтэн тогтолцоонд нь тайлахыг зорьж, хүний сэтгэцийн хамгийн эмзэг нууц хамгийн бага судлагдсан хөшгийг нээсэн нь тухайн үедээ шүүмжлэлд маш их өртөж байсан юм. Фрейдийш тойрон хүрээлэгчдээс Юнг, Адлер, Ранк болон бусад судлаачид түүнтэй үзэл бодол таарахгүйн улмаас өөрсдийн онол, үзэл баримтлалыг боловсруулан түүнээс салан явцгаажээ.

1933 онд Германд нацистууд засгийн эрхийг авсаны дараа Зигмунд Фрейдийн сургаалийг хүний эсрэг зарлаж зохиол бүтээлүүдийг нь галдан шатаажээ.

1938 онд Франц улс дах АНУ-ын элчин сайд, олон улсын психоананлитикчдийн холбооны нийгэмлэгийн оролцоотойгоор Фрейдийг Венээс Лондон руу явахыг зөвшөөрсөн боловч дараа жилийн /1939/ 9-р сарын 21-нд түүний өвчин улам хүндэрч,тэрээр өөрийн хүсэлтээр эмчлэгч эмчдээ унтуулах тариа хийхийг хүсч, үүнийг ёсоор болгов.

Ийнхүү суут эрдэмтэн, психоанализийг үндэслэгчийг сүүлчийн замд нь үдсэн юм.

Түүний ширээ,эд зүйлс

"Бидний ухамсарт байдаг далд ертөнцийг нээж өгсөнд нь бид Фрейдэд бүх л талаар өртэй юм" хэмээн нэгэн эрдэмтэн бичсэн байдаг.

Зигмунд Фрейд (Герман хэл: Sigmund Freud, 1856 оны 5 сарын 6 - 1939 оны 9 сарын 23) нь Австрийн мэдрэлийн эмч ( мэдрэлийн системийн өвчинг эмчилдэг хүн юм) мөн алдарт сэтгэл судлаач байсан юм. "Психоанализмийн эцэг" гэдгээр нь маш олон хүн түүнийг мэддэг. Монголчууд Фрейд гэдэг ч герман хэлээр Фройд гэж дуудагддаг тул Фройд гэж бичих нь зөв юм.

Түүнийг анх Зигмунд Шломо Фрейд гэж дууддаг байсан боловч тэр 21 настайдаа нэрээ Зигмунд Фрейд болгон өөрчилсөн.

Хүмүүсийн ухаангүй хийдэг ухаангүй үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэл зүйн салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухаангүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэгүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүн түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фрейд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм.
Анхны номоо бичээд тэрээр Марта Белнэйс гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэднийх 6 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь болох Анна Фрейд нь мөн алдартай сэтгэл судлаач болсон юм.
Фрейд хүний хамгийн чухал амьд явах хэрэгцээний дараа сексийн хэрэгцээ маш чухал гэж боддог байсан. Энэ хэрэгцээг тэрээр либидо гэж нэрлэсэн. Тэрээр хүн өөрийн ч мэдэлгүй зарим зүйлийг хийдэг нь либидогын үйлчлэлээс болдог гэж үздэг байсан.
Фрейд 1930-аад оны үед Германд амьдарч байв. Тэр Еврей үндэстэн байсан учир Гитлер түүнд дургүй байсан юм. Түүний номнуудыг олны нүдэн дээр галдан шатаалгаж байсан байна. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг хүсдэг байжээ.

Түүний алдартай бүтээл болох "Зүүдний тайлал" удахгүй уншигчдын гар дээр очих бололтой.

Ашигласан материал :

Б.Туяа "Бие хүний сэтгэл зүй,сэтгэц заслын өрнөдийн онол,гол төлөөлөгчид" УБ 2003 он

http://mn.wikipedia.org/wiki/Зигмунд_Фрейд

Sunday, July 4, 2010

Яагаад ус уухыг сайн гэдэг юм бэ?

-Ус бол бидний амьдралын эх ундарга, салшгүй нэгэн хэсэг юм. Орчин үед усны ач холбогдлыг хүмүүс ойлгодог болжээ. Хаа сайгүй л ундаа, цай гэхээсээ илүүтэй цэвэр ус барин алхлах болжээ. Гэвч үнэндээ цэвэр ус бидэнд чухам яагаад хэрэгтэй байдаг, бидний уугаад байгаа ус жинхэнэ цэвэр ус мөн үү гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй билээ. Тэгвэл бид энэ тухай товчхон өгүүлнэ.


Цэвэр ус уухын ашиг тус нь юу юм бэ?

1. Илүү бат бөх шүд, ястай болно.

-Гайхаж байна уу?. Гэвч энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан юм. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг энэ тал дээр хэт дөвийлгөөд усыг мэддэг хүн тэр бүр байдаггүй. Усанд агуулагдах эрдэс бодис нэн ялангуяа флорид (Fluoride- бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болодог байна.

2. Эрүүл, цэвэр царай зүстэй болно.

-Хүмүүс хүзүү, нүүр, арьсныхаа үрчлээг арилгах гэж маш үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл хамгийн шилдэг, ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн бүтээгдэхүүн бол “Ус”. Заримдаа хүний амьдралд хэрэгтэй зүйл маш хямдхан, даруухан оршиж байдаг.

3. Шээс, ялгаруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.

-Магадгүй энэ талаар урьд өмнө хэн ч сөхөж, онцлон яриагүй байж болох юм. Гэвч энэ бол усны нэг гайхамшигтай “ид шид”-ийн нэг юм. Бид цэвэр, тэр дундаа байгалийн ус таны амнаас ялгаруулах зам хүртэлх бүх замыг ариутган өөртөө шингээж, угааж, цэвэрлэж байдаг. Мөн бөөрний цусан хангамжийг сайжруулна. Харин бөөрний аливаа өвчний "сэдрэлийн үед" өдөрт уух шингэний хэмжээг хязгаарладаг.

4. Жингээ хасахад тань тус болно.

-Та турах гэж янз бүрийн химийн хорт нэгдлүүдийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ? Ихэнхдээ замбараагүй хооллосноос бие махбод тань шигээж, ялгаруулж дийлэхээ больсонтой холбоотой байдаг. Тэгвэл бодисын солилцоог эрчимтэй, зөв голдрилд нь оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй байдаг. Та усыг зөв хэрэглэж чадвал тун удалгүй гайхалтай үр дүнд хүрнэ. Хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг.

Ус хэдийд хэрхэн хэрэглэхэд тохиромжтой вэ?

1. Хоол идэхийн өмнө 1-2 аяга цэвэр ус.

-Энэ бол эрүүл мэнддээ анхаардаг, өндөр боловсролтой орны хүмүүсийн түгээмэл зуршил. Энэ нь хоол боловсруулах системийн үйл ажллагааг дэмжих, хоол хэтрүүлэн хэрэглэгчдийн дуршлыг багасгадаг ач холбогдолтой!!! (Учир нь ходоодны шүүсийг саармагжуулдаг. Настай хүмүүс харин хоолны өмнө болон хооллох үед хэт их шингэн уух нь тусгүй)

2. Өглөө босоод хамгийн түрүүнд нэг аяга цэвэр ус уух

-Хэрэв ингэж заншвал та өглөө бүр хоол боловсруулах системээ бүхэл өдрийн турш ажиллах чадварыг нь хангаж өгч байгаа нь тэр.

3. Телевизор үзэж суухдаа хивэхээ зогсоо, ус шимж суу.

-Таргалахын нэг “нууц” нь зогсоо зайгүй ямар нэгэн зүйл хивэх, нэн ялангуяа Телевизор үзэж суухдаа. Ингэхийн оронд ус шимж суувал 1. Эрүүл мэндэд тань хэрэгтэй 2. Зогсоо зайгүй идэх дур хүслийг тань багасна.

4. Хаа ч цуг гэж мэдээрэй.

-Дасгад сургуулилт биеийн хүчний ажил, биеийн тамирын дасгад хийх явцад хүн их хэмжээгээр шингэнээ алдаж, тэр хэмжээгээрээ хөлсөөр, амьсгалаар биеэс хэрэггүй, хортой бодисоо цэвэрлэж, ялгаруулж байдаг. Иймд энэ үед цэвэр ус маш хэрэгтэй.

5. Би зүгээр л ус уумаар байна.

-Ингэж зоригтойгоор хэлж сур. Та мөнгөө хэмнэсэндээ бус (нээрээ ус ундаа, пивоноос хэд дхин хямд юм бэ?) хийжүүлсэн, химийн будгаар өнгө оруулсан хор захиалснаас, эрүүл, бас өөртөө хэрэгтэй сонголт хийсэн таныг хүмүүс бахархан харах болно.

Thursday, July 1, 2010

Аспирин цус харвалтаас сэргийлнэ

Өдөрт тогтмол 100 мг аспирин уувал тархины цус харвах өвчнөөс сэргийлж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

Тархины артерийн судас нь бөглөрч болзошгүй өвчтөнүүдэд аспирин уухыг зөвлөвөл жилд 20 сая гаруй доллар хэмнэнэ гэж АНУ-ын эрдэмтэд тооцоолсон байна. Судас бөглөрөхөөс сэргийлдэг варфарин /warfarin/ эм уудаг өвчтөнүүд цусны шинжилгээ тогтмол хийлгэх шаардлагатай байдаг бол (цусны бүлэгнэлтийн шинжилгээ) аспирин нь хямд үнэтэй, гаж нөлөө багатай.

Артерийн судасны дотор хананд өөхлөг үе үүсч, цус өтгөрч эргэлтийг зогсоосны улмаас тархины артерийн судас бөглөрч, энэ судсаар тэжээгддэг тархины эд эс үхдэг байна.

Аспирин, Варфарин хоёрын аль нь үр нөлөөтэй болохыг тогтоохын тулд АНУ-ын эрүүл мэндийн 59 төвд энэ судалгааг явуулсан байна. Энэ хоёр эм артерийн судас бөглөрөхөөс сэргийлэх ижилхэн үр нөлөөтэй ч аспирин нь сөрөг нөлөө багатай ажээ.

Сүүлийн үед 40-с дээш настай хүмүүст аспириныг барих тунгаар буюу 100 мг-р өдөрт нэг удаа уухыг зөвлөж байгаа билээ. Зөвхөн тархины цус харвах өвчнөөс сэргийлээд зогсохгүй зүрх судасны өвчин тэр дундаа судасны хатуурал буюу атеросклероз, цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх боломжтой.

Анхаар: Мэдээж аспирины харшилтай болон бусад эсрэг заалт байж болох тул эмчтэй зөвлөхийг хүсч байна.

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс яагаад ялгаатай байдаг вэ?

Лондон /03.17/ Ройтерс.

Эмэгтэйчүүд яагаад эрэгтэйчүүдээс тийм их ялгаатай байдгийг тайлбарлахад тус болох мөн хүний 300 гаруй өвчин эмгэгтэй холбоотой эмэгтэй хүний Х хромосомын генетикийн кодыг эрдэмтэд тайлсан байна. Х хромосомд хүний генийн таван хувь буюу 1100 ген болон гемофилээс өгсүүлээд сохрох, аутизм, цус багадах зэрэг өвчний оношлогоог сайжруулахад тус болох мэдээлэл агуулагддаг ажээ.


Олон улсын эрдэмтдийн консорциумын нээлтээс үзэхэд эмэгтэйчүүд урьд бодож байснаас ч илүү хувирамтгай бөгөөд ген нь эрэгтэйчүүдийнхээс илүү төвөгтэй бүтэцтэй юм байна.

Эс болгоны цөмд байдаг хромосомд тухайн хүний онцлогийг тодорхойлдог ген агуулагддаг. Эмэгтэйчүүд ХХ хромосомтой, эрэгтэйчүүд ХУ хромосомтой. У хромосом нь эрэгтэй шинж төрхийг агуулдаг бөгөөд У хромосом нь Х хромосомын муутгагдсан хувилбар юм.

Үүнээс гадна Х хромосом нь У хромосомоос том бөгөөд эмэгтэйчүүдийн 1 Х хромосом нь идэвхгүй хэлбэртэй байдаг.

Эрт унтаж, эрт босдог нь гентэй холбоотой


Мутант генийн улмаас зарим хүмүүс бусдаас эрт унтаж, эрт сэрдэг байж магадгүй бөгөөд энэ нь тухайн хүмүүсийн зан чанартай огт холбоогүй юм.

Судлаачид нэг айлын гурван үеийг судалсны дүнд ийм дүгнэлтэнд хүрчээ. Энэ өрхийн таван гишүүн бусдаас эрт сэрдэг “эрт шувуу” гэж нэрлэдэг хам шинж өвчтэй байжээ. Калифорни, Вермонт, Ютагийн их сургууль болон Ховард Хьюгийн анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд хүмүүсийг эртэч болгож байгаа мутант генийг Си-Кей-Ай делта гэж нэрлэжээ.

Эртэч шувуу хам шинж өвчтэй хүмүүс хоногт бусадтай ижил хугацаагаар унтдаг ч унтаж байхдаа олон удаа сэрж, бусдыг босохоос бүр эрт нойр нь сэргэдэг ажээ.

Бусдаас эрт сэрдэг энэ хүмүүс өдөр хийх ажлаа өглөө эрт амжуулахад нь хэн ч садаа болдоггүй болохоор энэ байдал нь өөрсдөд нь ашигтай байдаг гэнэ. Харин зарим нь бусдын амьдралын хэмнэлтэй нийлж чадахгүй байгаадаа их зовдог ажээ.

Гэхдээ өглөө босох зөвхөн төрөхөөс заяадаг зүйл биш юм. Дасан зохицол буюу адаптаци гэж нэг юм бий. Тэгэхээр та ажил хэрэгч, бүтээлч, эрүүл өглөөг сонгох зам нээлттэй гэсэн үг шүү.

Эрчүүд түрүү булчирхайн хавдар тусахгүйн тулд

"Долоо хоногт гурван цаг дасгал хийх хэрэгтэй"

Эрчүүд түрүү булчирхайн хавдар тусахгүйн тулд долоо хоногт наад зах нь гурван цаг эрчимтэй дасгал хийж, чихрийн шижин өвчнөөс сэргийлэхийн тулд тос багатай цагаан идээ хэрэглэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.

Зургийн тайлбар: Prostate буюу түрүү булчирхай нь давсагны (bladder) хүзүүг бөгжилж байрладаг тул түрүү булчирхайн үрэвсэл, томрол, хавдрын үед эмнэл зүйд шээс тасалдах, дүлүүлж гарах, давсаг бүрэн сулрахгүй ойр ойрхон шээх зовиур гардаг.

Судалгаанд эрүүл мэндийн салбарт ажилладаг 48 мянган эрэгтэй оролцжээ. Долоо хоногт наад зах нь гурван цаг дасгал хийж байсан 65 болон түүнээс дээш настай эрчүүдийн 70 орчим хувь нь хүндэрсэн эсвэл аминд халтай түрүү булчирхайн хавдар тусах эрсдэл бага байсан гэж Харвардын их сургуулийн эрдэмтэн Эдвард Жиованнучи мэдэгджээ.

Үүнээс гадна эрэгтэйчүүд тос багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл чихрийн шижин тусах эрсдлийг бууруулдаг болохыг өөр нэг судалгаагаар тогтоосон байна. Судалгаанд оролцсон эмнэлгийн ажилтнуудад өдөр бүр тос багатай сүүн бүтээгдэхүүн өгөхөд чихрийн шижин тусах эрсдэл нь 9%-р буурч байсан гэж Бостон дахь Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн эрдэмтэн Хюн Чой ярьжээ.

Тамхи-чимээгүй алуурчин

Хааяа нэг ууна гэнэ үү?


-"Хааяа нэг уудаг аа би" гэж бахархах эсвэл өөрийгөө зөвтгөхийн дундуур хэлдэг хүмүүс их бий.


-Энэ бол архинд донтолтын 1-р шат хэтрээд явж байна аа гэвэл та гайхаж байна уу?
Шалтаглан уух гэдэг бол эхлэл. Баярын өдөр, төрсөн өдөр, амралтын өдөр тэгээд шинэ гутал авсан өдөр болж хувирна. Гэхдээ тэр ажил, амьдралаа амжуулаад явж чадах нь элбэг.

-Харин 2-р үе шатанд орсон хүн өөрийгөө архи их даадаг гэж бардана. Нөхөд нь түүнийг хөөргөнө. Шараа тайлж байж бие нь тавирдаг болно гэнэ. Маргааш ажлын өдөр байх хамаагүй болж архидаж л байвал боллоо. Гэр бүл нь үргэлжийн хэрүүлтэй, ажил дээрээ нэр хүндээ алдаж эхэлнэ.

-3-р шатанд өөрийн ёс суртахуунаа хөлөндөө гишгэнэ. Тэр архи уухын тулд худлаа ярьж, хулгай хийхэд ч бэлэн. Нөгөө их архи даадаг баатар байхаа больж "үнэрлээд" л согтддог болно. Тэр 1, 2-р шатанд өөртөө арчаатай байсаан. Харин одоо бол тэр толинд ч харахгүй. Ингээд нийгмээс тэр өөрийгөө улам бүр тусгаарлан, эрчимтэй уруудаж эхлэх нь...

-Би залуу хүн. Миний эргэн тойронд дээрх асуудал олонтаа тохиолдоно. Монгол улс нэг хүнд ноогдох спиртын тоогоор толгой цохиж явна. Гэтэл манай орон бол хүүхэд-залуучуудын орон. Хэдэн жилийн дараа энэ хэрэг явдал ямар араатан эсвэл урод (гажиг гэх юм уу даа) болог гарч ирэхийг бид мэдэхгүй. Би олон зүйл нуршихыг хүсэхгүй байна. Шинжлэх ухаанчаар зөв ойлголт залуустаа хүргэмээр санагдлаа:




Архины хамаарлын хам шинж бол танин мэдэхүй, зан төрх ба сэтгэл
зүйн шинж тэмдгүүдийн нийлбэр юм.

Архины хамаарлын хам шинжийн
оношийг дараах шинж тэмдгүүд
амьдралын турш буюу сүүлийн 12
сарын хугацаанд гурваас доошгүй
илэрсэн тохиолдолд оношилно.

Үүнд:

• Архийг хэрэглэх хүчтэй дур хүсэл гарах

• Өвчтөний зүгээс архины хэрэглээнд хяналт тавьж чадахгүй болох

• Архийг хэрэглэж байгаад зогсоох эсвэл багасгасан тохиолдолд сэтгэлзүйн таагүй
байдал орох, шарталтын үед үүнээс гарахын тулд архийг хэрэглэх

• Архи даах чадвар ихсэх (согтохын тулд урьд ууж байсан хэмжээнээс илүү хэмжээгээр
архийг хэрэглэх)

• Архины хэрэглээнээс болж амьдралын бусад зүйлд идэвхи
сонирхолгүй болох

• Хор хөнөөлийг үл тоомсорлож архийг үргэжлүүлэн хэрэглэх

-Бас нэг миний эгдүүцдэг сэдэв байна. "Би архи уудаггүй ээ, пиво л уудаг." Эсвэл "Өө би архи, пиво ооогт уудаггүй, харин Cocktail л уудаг."

Гэтэл дээрх олон янзын, хэлбэр дүрсээ өөрчилж хуурсан "архи" бүгдээрээ л архичин болгож чадна. Магадгүй надтай санал нийлэхгүй, амьдралыг алкогольный зүйлгүйгээр төсөөлж чадахгүй нэгэн байж болох юм. "СТАНДАРТ УУЛТ" гэж нэг ойлголт байдаг. Би доор орууллаа. Харин энэ манай орны сэтгэхүйд таарах нь юу л бол гэж бодогддог. Үнэхээр соёлтой хэрэглээ гэдэг зүйлийг дан ганц архи ч биш хоол хүнсэндээ ч бид бодолцдог болсны дараа энэ асуудал яригдах хэрэгтэй байх. Миний блогт зочлогсод арай оюунлаг хүмүүс гэж найдаад, мэдээллийн чанартай орууллаа.