Дуу хоолой

Thursday, July 1, 2010

"Хеликобактер пилори"

“Ходоодны ихэнх үрэвсэл, шархны шалтгаан нь стресс болон халуун ногоо биш харин нянгийн халдвар юм”
Бэрри Маршал, Робин Варрен

-Бидний өнөөдрийн сэдэв бол сүүлийн үед их яригдах болсон "Хеликобактер пилори".

-1982 онд Австралийн эрдэмтэн Бэрри Маршал болон Робин Варрен нар хүний ходоодны салстаас энэхүү Хеликобактер пилори нянг амжилттай өсгөвөрлөж “Ходоодны ихэнх үрэвсэл, шархны шалтгаан нь стресс болон халуун ногоо биш харин нянгийн халдвар юм” гэж анагаах ухаанд нэгэн том нээлт хийснээ зарлажээ. Тэд ийнхүү уг нээлтээрээ 2005 оны физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байна.
Хеликобактер пилори нь ходоодны архаг үрэвсэл үүсгэж, цаашид ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь нэгэнт тодорхой болжээ. Уг нянгийн халдварын шалтгаант ходоодны эмгэгийн 20-30% нь хавдарт шилждэг бөгөөд Олон улсын хавдар судлалын нийгэмлгийн тэмдэглэснээр I бүлгийн канцероген бүлэгт хамаарах цорын ганц нян хэвээр байсаар байна.



-Өнөөдөр дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь Хеликобактер пилорийн халдвар авсан ба үүний 30-40 хувийг нь өндөр хөгжилтэй орны хүн ам, харин 70 орчим хувийг нь хөгжиж буй орнуудын хүн амд Хеликобактер пилорийн халдвар бүртгэгдэж байгааг судлаачид мэдээлжээ.

-Манай орны хувьд судлаач Х. Оюунцэцэг нарынхаар нийт хүн амын 82,6% (2003он), Ц. Сарантуяа нарынхаар 72-90% ( 2005) хувьд Хеликобактер пилорийн халдвар илэрчээ. Иймд Хеликобактер пилорийн халдварын шалтгаанд ходоод гэдэсний эмгэг бол манай хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй мөн юм.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ:

Хеликобактер хүнд угаасаа байдаг гэсэн үнэн үү?
-Буруу ойлголт. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 15-30%, хөгжиж буй орнуудын хүн амын 70-80% буюу дэлхийн хүн амын тэн хагаст энэ нянгийн халдвар бүртгэгджээ. (1) Гэвч энэ нь хүнд байдаг хэвийн бичил биетэн гэсэн үг биш бөгөөд бусад халдварт өвчин үүсгэгчдийн л адил эрүүл хүнд халдварлан ходоодны салстад байршин эмгэгшүүлдэг нян юм.

Хеликобактерийн халдвар ямар хор уршигтай вэ?
-Олон улсын гастроэнтерологчдын холбооноос 2005 онд батлан гаргасан Маастрихтын III удирдамжинд хеликобактерийн шалтгаант эмгэгт ходоодны биж хамшинж, ходоодны архаг үрэвсэл, ходоод, дээд гэдэсний шархлаа, MALT- лимфома (mucosa- associated lymphoid tissue), ходоодны өмөн орно гэж тодорхойлжээ. (3) Манай оронд ходоодны өмөн нь хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд ордог (ХСҮТ мэдээлэл, 2009).

Хеликобактер хэрхэн халдварладаг юм бол?
-Хеликобактер 1) ам-амны; 2) баас-амны; 3) эмнэлгийн нөхцөлд тархах үндсэн 3 замаар халдварлана. Халдвар тархахад амьдралын хэв маяг, ахуйн нөхцөл, ариун цэвэр чухал нөлөөтэй ба эхний 2 зам нь хүн амын дунд халдвар тархах гол зам болдог. (8) Гэр бүлийн гишүүдийн дунд болон эцэг эхээс хүүхдэд халдвар дамжих нь элбэг. Ялангуяа эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдэл илүүтэй байдаг. (9)

Ам-амны зам: аяга, халбага дамжуулан хэрэглэх, амнаас аманд хоол хүнс хуваан идэх, нэг савнаас унд уух, хооллох үед халдвар дамжина. Судалгаагаар хүний шүлс, шүдний өнгөр зэрэгт хеликобактер илэрсэн бөгөөд (10) нэг тавагнаас хооллодог заншилтай зарим үндэстний дунд хийсэн судалгаагаар хоол идсэн савхнаас нь уг нян илэрсэн байна. (11)

Баас-амны зам: хүн амьтны баасаар бохирлогдсон эд зүйлс, төв суурин газрын ахуй хангамжийн ус, бохир гараар дамжин халдварлахыг хэлнэ. Перуд хийгдсэн судалгаагаар нийтийн ундны усанд хеликобактер илэрсэн байна. (12) Хөгжиж буй орнуудад халдвар дамжих хамгийн гол зам юм.

Эмнэлгийн нөхцөлд: эмнэлгийн багаж хэрэгсэл, ялангуяа ходоод дээд гэдэсний дуран, ходоодны шүүрлийн шинжилгээний уян гуурс зэргээр халдвар дамжих боломжтой. (13)

Би саяхан ходоод өвдөөд “Хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэл” –тэй гэж оношлогдсон. Тэгэхээр найз залуу маань ч халдвартай байж болно гэсэн үг үү???

-Дээр хэлсэнчлэн хосууд, гэр бүлийн гишүүд бие биедээ халдвар тараах нь элбэг. Тэгэхээр таны найз залуу халдвар авсан байж ч болно. Хэдийгээр бие биенээсээ халдвар авсан буюу ижилхэн нянгийн халдвартай ч хүн бүрийн биеийн эсэргүүцэл өөр байдаг тул адилхан шинж тэмдэг илэрдэгггүй. Өөрөөр хэлбэл тухайн хүний удмын хүчин зүйл, нянгийн хоруу чанар, гадаад орчны нөлөө нь хеликобактерийн халдварын улмаас ходоодонд үүсэх эмгэг явц даамжрахад хам нөлөө үзүүлдэг байна. (14, 15)

Хеликобактерын халдвар авахад ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Эхэн үедээ шинж тэмдэг илрэхгүй байж болно. Харин яваандаа хоолны дуршил буурах, цээж гашуу оргих, хорсох, хэхрүүлэх, хүчиллэг зүйлээр гулгих, огих, дотор муухай оргих, идсэн хоолоор эсвэл бор хүрэн зүйлээр бөөлжих, баас хар гарах, гэдэс дүүрэх, цанхайх, өтгөн хатах, ховор тохиолдолд гүйлгэх зэрэг ходоод гэдэсний хямралын шинж, аюулхай ба баруун хавирганы нумаар өвдөх хам шинж илэрдэг. Шинж тэмдгийн илрэл нь үрэвслийн байрлал, идэвхижил, салст бүрхүүлийн бүтцийн өөрчлөлтөөс хамааран харилцан адилгүй байна.

Хеликобактертай бол нүүр, нуруун дээр батга гардаг гэсэн үнэн үү?

-Хүмүүсийн ярьж заншсан “батга” ихэвчлэн өсвөр насанд тослогийн булчирхайн үйл ажиллагаа идэвхижиж бохирдсонтой холбоотой эсвэл өвөрмөц хачигаар үүсгэгддэг арьсны өвчин юм. Харин хеликобактерийн шалтгаант үрэвсэл, шархлааны улмаас ходоодны хамгаалах чадвар алдагддаг. Ингэснээр хоол хүнсний харшил төрүүлэгчид, үрэвслийн идэвхит бодисууд биед шимэгдэн орж, цусаар тархсанаас арьсанд өөрчлөлт гардаг байна. (16)

Миний амнаас сүүлийн үед эвгүй үнэр гараад байна. Хүмүүс хеликобактертай болчихож гэх юм. Ийм байж болох уу?

-Судлаачид “амнаас нь эвгүй үнэр гардаг, хеликобактер илэрсэн болон илрээгүй хүмүүс”-ийн дунд судалгаа хийхэд хеликобактертай хүмүүст амны хөндийг ариутгах уусмалаар зайлуулахад зарим оролцогсдын амны эвгүй үнэр нь арилаагүй байна. Харин хеликобактерын эсрэг эмчилгээ үр дүнтэй байжээ. (17) Үүний шалтгааныг олон янз. Нэг талаар хеликобактер бол агааргүйтэн нян бөгөөд агааргүйтэн нянгийн бодисын солилцооны дүнд өвөрмөц үнэрт бодис ялгарах нь элбэг. Нөгөө талаар хеликобактерийн халдварын улмаас ходоодны үйл ажиллагаа алдагдаж хоол хүнс дутуу боловсордог. Зарим судлаачид хеликобактерийн эсрэг эмүүд нь амны хөндийд эмгэг үүсгэдэг агааргүйтэн нянд мөн адил нөлөөлдөг тул амны эвгүй үнэрийг дардаг гэж үздэг.

Надад Хеликобактерийн халдвар байгаа юм биш үү гэсэн эргэлзээ төрчихлөө. Ямар шинжилгээ өгдөг юм бэ?

-Tус бүртээ давуу болон сул талтай олон шинжилгээний аргууд байдаг. Үүнд:
Иммунологийн арга: Хеликобактерийн халдвар авсны дараа дархлалын тогтолцоо идэвхиж эсрэг бие үүсгэдэг. Энэ шинжилгээ цус (ийлдэс)-д уг эсрэг биеийг илрүүлнэ. Давуу тал нь шинжилгээ хийлгэхэд зовиур багатай, өртөг хямд. Гэхдээ эдгэсний дараа 1-3 сар, зарим хүнд 6-12 сарын хугацаанд эсрэг бие эерэг илэрсээр байдаг. (18, 19, 20)

Уреазын сорил: Ходоодыг дурандах явцад зориулалтын багажаар салстаас маш багаханыг авах ба хеликобактер пилорийн ялгаруулдаг уреаза ферментийн идэвхээр уг нянгийн халдварыг оношлоно. Ходоодны хүчил багасгах эм хэрэглэсэн үед, эмчилгээний дараа (4 долоо хоног) болон ходоодны шархнаас цус алдаж байгаа үед хуурамч эерэг, сөрөг хариу гарч болдог.

Гистологийн шинжилгээ: Дурангийн шинжилгээгээр авсан эдийг тусгай аргаар боловсруулан будгаар будаж микроскопоор харж хеликобактерийг илрүүлдэг арга. Энэ арга хеликобактерийг илрүүлэх “алтан стандарт” аргад тооцогддог. Мөн түүнчлэн дурангаар илрүүлэх боломжгүй эмгэг өөрчлөлтийг эд, эсийн түвшинд оношлох боломжтой.

Полимеразын гинжин урвал /ПГУ/: Дурангаар авсан эдэд нянгийн удмын мэдээлэл болох ДНХ-ийг илрүүлэх орчин үеийн молекул биологийн арга юм. Мэргэжлийн өндөр ур чадвар, тусгай тоног төхөөрөмж шаарддаг, өртөг ихтэй. Гэхдээ нянгийн хоруу чанар болон эмийн даслыг генийн түвшинд илрүүлэх, тархвар зүйн судалгаа хийх боломж олгодгоороо давуу юм.

Өсгөврийн шинжилгээ: Сүүлийн жилүүдэд антибиотикт тэсвэржсэн хеликобактерийн халдвар өргөн тархсанаас эмчилгээ үр дүнгүй болох нь ихсэж байна. Дурангаар авсан эдээс хеликобактерийг тусгай тэжээлт орчинд өсгөвөрлөж, антибиотикийн мэдрэмжийг үзэх боломжтой. Мэргэжлийн өндөр ур чадвар, тусгай тоног төхөөрөмж, тэжээлт орчин шаарддаг, өртөг өндөртэй, хугацаа их зарцуулдаг дутагдалтай.

Амьсгалын сорил: Шинжилгээний үндсэн зарчим нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тэмдэгт атомтай уусмалыг үйлчлүүлэгчид уулгах ба халдвартай үед хеликобактерийн уреаза фермент уг бодисыг задалж СО2 үүсгэнэ. Хэсэг хугацааны дараа амьсгалаар ялгарсан изотоп бүхий СО2-ийг тусгай багажаар бүртгэнэ. Маш мэдрэг, шинжилгээ хийлгэхэд зовиургүй, хугацаа бага зарцуулдаг, эмчилгээний үр дүнг хянахад хамгийн тохиромжтой арга.

Бусад аргууд: Судлаачид баас, шээс, шүдний өнгөр, шүлсэнд хеликобактерийн халдварыг оношлох шинжлүүлэгчид зовиур шаналгаагүй, үнэ өртөг багатай олон аргыг судлаж байна. Эдгээрээс баасны антиген сорил нь бага насны хүүхдэд хеликобактерийн халдварыг илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянахад илүү тохиромжтой.
! ДЭМБ-аас хеликобактерийн халдварыг 2-оос доошгүй шинжилгээний аргаар баталгаажуулах шаардлагатай хэмээн зөвлөдөг.

Надад шинжилгээгээр Хеликобактерийн халдвар илэрсэн. Харин хүмүүс өөр өөр эм зөвлөх юм. Алийг нь сонгох вэ?

-Хеликобактерийн халдварыг эмчлэх эм олон төрөл байдаг. Гол зарчим нь нянг үхүүлэх антибиотикийг түүний үйлдлийг дэмжих бусад эмтэй хавсруулан хэрэглэх юм. Антибиотикийг дангаар хэрэглэвэл үр дүн муутай бөгөөд эмчилгээг дутуу, буруу хийвэл халдварласан нян антибиотикт тэсвэржиж эмчилгээ ач холбогдолгүй болно.
! Эмч зөвхөн таны онцлогт тохируулан эмийг сонгодог тул дур мэдэн эм хэрэглэхээс татгалзаж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе.

ДЭЭРХИ МАТЕРИАЛ НОМ БОЛОН ХЭВЛЭГДСЭН БӨГӨӨД НИЙТЛЭЛЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЛЬ Ч ХЭЛБЭРЭЭР ХУУЛБАРЛАХЫГ ХОРИГЛОНО.


4 comments:

  1. хеликобактер эмчлэгдэх боломжтой юу яаж эмчилэх вэ? хэр удаан хугацаанд эмчлэгдэх боломжтой вэ?

    ReplyDelete
  2. Эмчилэгддэг, эмчилгээгээ таслалгүй хийвэл болдог. нэг курс нь 7-14 хоног байдаг

    ReplyDelete
  3. хэдэн курс эмчилгээ хийдэг вэ

    ReplyDelete
  4. ммм эмчлэгдсэны дараа дахиаж тусах магадлал 2% болтлоо буурдаг гэсэн үнэн үү ?

    ReplyDelete